Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Ээлжит бус Хоёрдугаар хуралдаан зохион байгуулагдлаа.

2026-04-21

Өнөөдөр буюу 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар сумын эдийн засаг, дэд бүтэц болон иргэдийн аюулгүй байдалд чиглэсэн дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг тэргүүлэх чиглэлийн төслүүдэд түлхүү олгоно
Сумын хэмжээнд 2026 онд нэн тэргүүнд хөгжүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээний жагсаалтыг баталлаа. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахаар хүсэлт гаргасан хоршоодын төслийг сонгон шалгаруулахдаа уг жагсаалтыг баримталж, батлагдсан салбарын төслүүдийг түлхүү санхүүжүүлж ажиллахыг Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд даалгав. Ингэснээр орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл, үйлчилгээ бодитоор дэмжигдэх боломж бүрдэж байна.

2. Төсвийн 400.0 сая төгрөгийг дэд бүтцийн 5 ажилд шилжүүлэн батлав
Сумын 2026 оны төсвийн ашиг болон шилжих үлдэгдлээс санхүүжих "Халаалтын 3 дугаар зуухны барилгын шинэчлэл"-ийн 400.0 сая төгрөгийг нөхцөл байдлын шаардлагаар дараах төсөл, арга хэмжээ болгон хувааж, өөрчлөн баталлаа.

  • Гэр хорооллын ус түгээх байрнуудын их засвар, цахимжуулалт (90.0 сая төгрөг);
  • “Төв чандмань” ДЭХГ-ын харьяа цэвэрлэх байгууламжийн урсгал засвар (99.0 сая төгрөг);
  • Халаалтын 7 дугаар зуухны талбайн орц, гарц, барилгын бүтцийн шинэчлэл (100.0 сая төгрөг);
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий цахилгаан бойлер худалдан авах (96.0 сая төгрөг);
  • Үйлчилгээний автомашин худалдан авах (15.0 сая төгрөг).

3. Хатуу хучилттай авто замыг хамгаалж, даацын хязгаарлалт тогтооно
Сумын төвийн хатуу хучилттай авто замыг эвдрэлээс хамгаалах, хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нарыг хариуцлагажуулах зорилгоор хориглосон тэмдэг, тэмдэглэгээг мэргэжлийн байгууллагатай хамтран байршуулахаар боллоо. Цаашид авто замын даацын хязгаарт хатуу хяналт тавьж, тээврийн хэрэгслүүдэд зохих журмын дагуу зөвшөөрөл олгож ажиллахыг үүрэг болгов.

4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилж, ажиллах журмыг нь шинэчлэн баталлаа. Ингэснээр орон нутагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил илүү системтэй, үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэж байна.
Зөвлөлийн даргаар Сумын ИТХ-ын дарга, орлогч даргаар Сумын Засаг дарга, нарийн бичгийн даргаар ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн ажиллахаар болов.

Бүрэлдэхүүнд Аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар, Цагдаагийн газар, сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар, багийн Засаг дарга нар болон “Дэлхийн Зөн” ОУБ, ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл багтлаа. Уг шийдвэртэй холбогдуулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 61 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцов.

Ээлжит бус Хоёрдугаар хуралдаанаас гаргасан эдгээр шийдвэрүүд нь орон нутгийн төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11101
8622 / 78%
1111 / 10%
386 / 3%
982 / 9%