Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх 30 дахь жилийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Төв цэцэрлэгт хүрээлэнд байрлах төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын засгийн анхны ерөнхий сайд Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Ёслолд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын удирдлага, алба хаагчид, Цэргийн штаб, Зуунмод сумын ИТХ, ЗДТГ-ын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл ангийн хөгжмийн салаа болон хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдүүд иргэдийн төлөөлөл оролцлоо.
Д.Бодоо нь 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отогт (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум) төрсөн. Ардын намыг үүсгэн байгуулалцаж, ардын хувьсгал оролцож явсан түүнийг 1922 оны найман сарын 31-нд “эх орноосоо урвасан” хэлс хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. 1997 оны зургаан сарын 11-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн 236 тоот тогтоолоор Догсомын Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон нэр төрийг нь цагаатгажээ.