Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮДИЙН ЦАЙНЫ ОРЦ НОРМ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАЖ БУЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2017-04-27

Зуунмод сумын ИТХ-ын Нийгмийн бодлого, хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил хариуцсан хорооноос Зуунмод сумын Хүүхдийн эрх хамгаалал, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний аюулгүй байдалд хяналт-шинжилгээ хийх удирдамжийн дагуу 2017 оны 04 сарын 10-наас 04 сарын 12-ны өдрийг дуустал 3 хоног хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд нийгмийн бодлого, хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил хариуцсан хорооны дарга Ш.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Д.Оюун, гишүүн Д.Цогзолмаа нар оролцож, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Гантөгс хамтарч ажиллав.

Ерөнхий боловсролын сургуулиуд Хүмүүн цогцолбор бага сургууль, 4-р сургууль, 5-р сургууль, сургуулийн өмнөх боловсрол олгох Дэгдээхий цэцэрлэг, Хүмүүн цэцэрлэгийн А, Б байр,  Бүжинхэн цогцолбор цэцэрлэг, Ирээдүй цолцолбор цэцэрлэг, Бумбардай цэцэрлэгүүд хамрагдлаа.

4-р сургууль

Сургуулийн дотор байрлаж байгаа зориулалтын гал тогооноос Үдийн цайгаа өгч байгаа сургууль 4-р сургууль, 5-р сургууль байна. 4-р сургуулийн алслагдсан байрлалаас болж Үдийн цай нийлүүлэх ААН олддоггүй, тендер сонгон шалгаруулалт хийх зар өгсөн боловч ашиггүй гэх шалтгаанаар ААН оролцдоггүй байна. Сургуулийн захиргааны зүгээс иргэн Д.Светланатай гэрээ байгуулж Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гал тогоог шинээр өрөө тохижуулж 2 удаа урсгал засвар хийсэн боловч зориулалтын биш учраас уур сорогч байхгүй агаарын солилцоо муу явагдсанаас болж хөгц үүсдэг байна. Цэвэр, бохир усны шугам байхгүйн улмаас аяга саваа 3 шатны угаалтаар угаах нөхцөл муу, 3 түмпэнд зөөврийн усаар угааж байсан. Уурын зуухны халаалт зогсож газрын гүний дулаанаар халж байгаа гэх боловч халаалтын систем нь хүйтэн, өрөө тасалгаа нь ямарч халаалтгүй байдалтай, 3 жижиг тень залгасан байдалтай ч хүйтэн хургасан байсан. Хоолны амт чанар сайн гэсэн дүгнэлтийг багш, ажилчид, хүүхдүүд өгч байлаа. Иргэн Д.Светлана нь Номт багт “Орос пирошки” цайны газар давхар ажиллуулдаг. Хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн таталтыг Үдийн цайны болон цайны газрынхтайгаа хамт таталт хийдэг байна. Бичиг баримтууд нь цайны газар дээрээ төвлөрдөг гэж тайлбарлаж байна. Үдийн цайныхаа дээжийг өдөр бүр авч  дээж бүртгэл, устгалтын дэвтэр хөтөлдөг байна.

 4-Р СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙР

4-р сургууулийн дотуур байраар орж танилцахад шинэ тогоочтой болсон. Хоолны хувьд амт чанар сайтай гэж хүүхдүүд сэтгэгдлээ хэлсэн. Нийт 28 хүүхэд сурч байгаас 6 настай 3 хүүхэд 1-р ангид сурч байгаа. Ахлах ангийн ах эгч нартайгаа хамт байдаг учир харьцангуй хүндрэл бага байдаг байна. 1 өрөөнд 4 хүүхэд амьдардаг, 4 ор, 1 шкафтай. Хичээл давтах ширээ, сандал өрөөнд нь байдаггүй, хоолны өрөөнийхөө ширээг ашиглаж хичээл, даалгавраа хийдэг байна. Дотуур байрны барилга нь суулт өгч гадна талдаа бага зэрэг хагаралт үүссэн байдалтай байна.

5-р сургууль:

5-р сургуулийн захиргаа 08 сард тендер зарлаж сонгон шалгаруулалт хийхэд Цогт-Өлзийт ХХК шалгарч сургуулийн захиргаа тус ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Цогт өлзийт ХХК нь Дөлгөөн зоогийн газрыг давхар эрхэлдэг бөгөөд Үдийн цайныхаа материал түүхий эдийг зоогийн газрын материалын хамт Улаанбаатар хотын Барс захаас бөөний үнээр авч Дөлгөөн зоогийн газрынхаа агуулахад хадгалж 7 хоногт хэрэглэх бүтээгдэхүүнээ тасалж түр нөөцөлж ашиглаж байна. Дээжээ хадгалдаг, дээжийн дэвтэр, устгалын дэвтрээ хөтөлдөг. Хоолны менюгээ 7 хоног бүрээр гаргадаг. 7 хоногийн меню бүр дээрээ хоолны илчлэг, орц, үнээ ил тодоор гаргасан байдал нь давуу талтай байсан. Багш нараар хүүхдийн ирцийг өдөр бүр авч хэдэн хүүхэд хэдэн төгрөгний хоол идсэн бэ гэдгийг өдөр өдрөөр нь гаргаж зарлагын баримтаар гаргаж сар сараар нь үдсэн нь давуу талтай байв. Хүнсний ногоо болон гурил, будаа зэргийг худалдан авах гэрээ хийсэн, шинжилгээнд оруулсан лабораторийн бичигтэй байсан. Хүүхдүүд цайны газар орж ирж цэвэршүүлсэн ус уух боломжоор хангагдсан байна. Талх нарийн боовыг өөрсдөө хийдэг. 

Хүмүүн цогцолбор бага сургууль:

Хүмүүн цогцолбор бага сургууль нь Зуунмод гол ХХК-тай гэрээ байгуулан Үдийн цай хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Чансаа зоогийн газар дээрээ Үдийн цай бэлтгэх тусгай байртай. Хүмүүн цогцолбор сургуулийн 1-5-р ангийн 1182 хүүхдүүдэд үдийн цайгаар үйлчилдэг. Цэвэрлэгээ, тохижилт сайтай, ажилчдын амралтын болон хувцас солих өрөөтэй. Хүнсний бүтээгдэхүүнээ хадгалах жижиг агуулахтай, 7 хоногоор хүнсний бүтээгдэхүүнээ татан авдаг. Тоног төхөөрөмжийн хангалт сайтай байлаа. Гурил, ногоо, будаа болон бусад хүнсний бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын Барс захаас авдаг. Махаа Зуунмод махны захын худалдагч Ж.Батцэцэгээс авдаг. 2016 оны 08 сард ариутгал хийснээс хойш ойрын хугацаанд ариутгал хийлгээгүй байсан. Хоолны дээжийг авч бүртгэл хөтөлж устгадаг. Ажлын өдөр бүрд их цэвэрлэгээ хийсэн бүртгэл хөтөлдөг. Хоолны температур хяналтын болон Хөргөх төхөөрөмжийн температурын хяналтын бүртгэлийг тус тус хөтөлдөг. Хүнсний бүтээгдэхүүнд хийсэн хяналтын болон лабораторийн шинжилгээний бичигтэй байсан. Хоолны менюг сар сараар нь сургуулийн захиргаагаар батлуулдаг. Меню бүрд байгаа хоолны хэмжээ, илчлэгийг тодорхойлсон байв. Үдийн цайны орон тооны бус хяналтын зөвлөл байгуулж, зөвлөл нь хяналт тавьж ажилласнаар Үдийн цайны талаар сурагчдаас сэтгэл ханамжийн судалгааг авсан байлаа. Мөн Үдийн хоолоо иддэггүй хүүхдийн судалгааг гарган ямар шалтгаанаар хоол иддэггүй болохыг тодорхойлоход цагаан хоолтой 3 хүүхэд гэрээсээ хоол авчирч иддэг, ногоо иддэггүй 4 хүүхэд ногоотой хоол ирсэн үед хоол иддэггүй болохыг судалгаагаар гаргасны үр дүнд Үдийн хоолонд цагаан хоолтой 3 хүүхдэд цагаан хоолыг тогтмол өгдөг болсон байна. Үдийн цайны хяналтын орон тооны бус зөвлөл нь хяналт шалтгалт хийсэн тайлангаа тавьж тодорхой зөвлөгөө өгч үүрэг даалгавар өгсөн нь сайшаалтай байлаа. Мөн Үдийн цай өгдөг Чансаа зоогийн газарт хяналт шалгалт хийж гарсан зөрчлийг арилгуулах талаар тодорхой  үүрэг даалгавар өгч ажилласан байна.

ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙР

Хүмүүн цогцолбор Ахлах сургуулийн дотуур байранд 83 хүүхэд байдаг. Дотуур байрны багшаар Уранчимэг багш 9 дэх жилдээ ажиллаж байна. Хүүхдүүдэд өглөө, өдөр, оройн хоолоор үйлчилдэг. Барааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой нэг хүүхдэд оногдох хоолны зардал 2315-2335 төгрөг байдаг тул 16:00 цагийн цайг өгөхөө больсон, уг нь өгөх ёстой гэж байрны багш хэлж байсан. Хүүхдүүд угаалгын өрөөтэй, 2 угаалгын машинд хүүхдүүдийн хувцасыг угаагч угааж өгдөг. Хэрэглээд удсан тул элэгдэлд орж эвдрэхэд ойрхон болсон, 1 угаагчийн гараар эдэлж байгаа тулдаа өнөөг хүртэл ажиллаж байна, цаашид угаалгын машин авах шаардлагатай байна. Гал тогоо нь тоног төхөөрөмж сайтай, хоолны дээж авч, бүртгэдэг, хоолны менюг сар сараар гаргадаг.Хоолны технологийн карттай байсан. Тогоочоор Ганчимэг, Чанцалмаа нар 2 ээлжээр ажиллаж байна. Шалгалтаар очиход жижүүр хүүхдүүдээр ногоо арилгуулж, хоолны бэлтгэл хийлгэж байсан. Хоолны орц, амт чанар сайн гэж хүүхдүүд санал хэлсэн. Дотуур байранд камер байхгүй, дотор талд дээд, доод коридорт, сургуулийн гадна орчинд камер байх шаардлагатай байна. Энэ нь гадны хүүхдүүд ирж мөнгө төгрөг нэхэх, айлгах зэргээр дарамтлах, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сурагчдыг сэргийлэх давуу талтай. Гэвч хөрөнгө мөнгөний дутагдлаас болж энэ ажил хийгдэхгүй байна. Хоолны илчлэгийг Эрүүл мэндийн газрын хоол зүйчээр бодуулдаг байна. Хавар махны үнэ нэмэгдэх, хүнсний барааны үнэ нэмэгдэхтэй холбоотой 1 хүүхдэд оногдох зардлаа дагаад хүүхдийн хоолны орц норм багасдаг байна. Дотуур байрны хүүхдүүдийн зөөлөн эдлэл маш их хуучирсан байдалтай байна. 1970-аад оны гудас, хөнжил хэрэглэж байгаа бөгөөд хүүхдүүд цагаан хэрэглэлээ өөрсдөө авчирдаг байна.

ДҮГНЭЛТ

4-р сургууль Цэвэр бохир ус оруулах, дулааны асуудлыг шийдвэрлэх, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, зориулалтын агааржуулалт, хүнс хадгалах складтай болох шаардлагатай байна. Дотуур байрны суурь нь суулт өгч гаднах хана хагаралт өгсөн байгааг анхаарч төслийн газарт нь хандаж засварлуулах.

5-р сургууль Орон нутгийнхаа аж ахуй нэгжийг дэмжиж мах сүүгээ гэрээлж авдаг болох, камержуулах шаардлагатай.

Хүмүүн цогцолбор бага сургууль: Нэмэгдэл хоолны сав болох хуванцар савыг никель төмрөн материалтай саваар солих. Ингэснээр хүүхдүүдийн хоол хүнсэнд меламин бодис орохоос сэргийлэх юм. Өөрсдийн хийж байгаа гурилан боов нь түлэгдсэн байдалтай байсныг анхаарч хэт түлж шараагүй хүнсний бүтээгдэхүүнээр хүүхдүүдэд үйлчлэх хэрэгтэй байна.

Хүмүүн цогцолбор Ахлах сургуулийн дотуур байр: 1 хүүхдэд ноогдох хоолны үнийг нэмэгдүүлэх талаар дээд шатны байгууллагуудад хандах шаардлагатай байна. Дотуур байрыг камержуулах, зөөлөн эдлэлийг шинэчлэх, Архи, тамхины хор уршгийн талаар хүүхдүүдэд сургалт сурталчилгаа явуулж хэвших.

Нийт сургуулиуд:

Хүнсний бараа, түүхий эдийн татан авалт хийхдээ шинжилгээ хийлгэсэн эсэхийг сайтар нягталж шинжилгээний бичгийг авч бараагаа авдаг болох. Ингэснээр янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнээс үүсэх хордлого авах, аюултай хүнсний бүтээгдэхүүн хүүхдэд өгөхөөс урьдчилан сэргийлнэ гэж дүгнэжээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%