Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Зуунмод сумын танилцуулга

2015-02-09 11:49

               Төв аймгийн төв нь Нийслэл Улаанбаатар хотод төвлөрч байсныг 1942 онд өөрчилж Богдхан уулын Зуунмодны аманд төвлөрүүлэхээр шийдвэрлэсний дагуу 1800 орчим үхэр тэргээр нүүдэллэн ирж Зуунмод хотын тулгын чулуу анх тавигдсан түүхтэй.  Тэр үед Зуунмод хот нь 100 орчим өрх, 300 гаруй хүн амтай, төр захиргаа нам, олон нийтийн 10 гаруй байгууллага, 30-аад ажилчинтай  гар үйлдвэрийн артелтай  сум болсон түүхтэй.

            Зуунмод хот нь Монгол орны төв хангайн бүсэд 300 гаруй жилийн түүхтэй дархан цаазат Богд хан уулын өвөр энгэрт Зуунмодны аманд далайн түвшнээс дээш 1200 метр өндөрт 1918 га нутаг дэвсгэрийг эзлэн улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 43 км зайд оршдог ба засаг захиргааны анхан шатны нэгж 6 багт 5105 өрхийн 17000 хүн амьдардаг. Улсын их хурлын 2001 оны 01 дүгээр тогтоолоор төвийн бүсийн өмнөд дэд бүсийн тулгуур төвөөр Зуунмод хот батлагдсан нь ерөнхий төлөвлөгөөний дагуу 2005 оноос эхлэн хөгжлийнхөө шинэ шатанд шилжин орсон.

                 Зуунмод хотын Зүүндэлгэр багт анх удаа газрын гүний дулаанаар Сургууль, цэцэрлэгийг халааж эхлээд байна.

             Зуунмод хотод төвийн бүсийн хөгжлийн дагуу “Хөшгийн хөндий”-д нисэх онгоцны буудал, түүний дагуу Зуунмод хотхон баригдаж байгаа нь хотын цаашид өргөжин хөгжих боломж нээгдэж байна.

      Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас эхнээсээ 1-д, газар нутгийн хэмжээгээр 27-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтрал  213,6 хүн/га  сум юм.

Газарзүйн онцлог. Далайн түвшинээс дээш 1500-2800 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хан Хэнтий захын уулс болон уул, гүвээ, толгод бүхий мужид багтдаг.

Цаг уурын нөхцөл: Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур – 20,5 °С, 7 дугаар сарын дундаж  температур +15,6 °С, жилийн дундаж салхины хурд 6 м/с, жилийн хур тундасны нийлбэр 196-288 мм.


2015-02-09 11:49


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд